Монгол оршихуйн үндэс

Та бүхэнд нэгэн бодролоо толилуулья. Монгол хэмээх үндэстэн 3хан сая хүн амтай, их гүрнүүдийн дунд хавчигдан байдаг мөртлөө яагаад өдийг хүртэл оршсоор байна гэдэг тал дээр бодож үзэж байв уу? Энд дараах хэдэн гаргалгаа байна гэж үзэж байна.
1. Ертөнцийг үзэх үзэл буюу байгалийн жамыг дээдлэх сэтгэлгээ. Энэ ухамсар нь Монгол хүн бүрт шингээстэй байсны ачаар энэ газар нутгаа цэвэр ариунаар нь авч үлдэж, өшөөтөн дайснаас амь үл хайрлан хамгаалж иржээ. Яагаад ингээд тэмцээд байна гэвэл энэ газар нутагт үр хойчис нь амьдрах учраас.
2. Амьдрах хэв маяг. Эртнээс нааш алтай хангай говь хосолсон хатуу ширүүн энэ газар нутагт амьдрах хамгийн зөв хэвшил бол нүүдэлчин ахуй юм гэдгийг олж мэдсэнээр ирээдүйн хэдэн мянгандаа өлсөх цангахыг үзүүлэхгүй байх араа харсан том ухаан юм. Энэ ухаан нь мөн ертөнцийг үзэх үзэлтэй нь салшгүй холбоотой
3. Авсан бол өг гэдэг ухамсарт сэтгэхүй. Монгол хүн багаасаа л хүмүүжихдээ хариутай бол бариутай гэдэг ухааныг өвлөдөг бөгөөд энэ бодол нь мөнхүү энэ газар шороон дээр төрж өссөн бол авсан зүйлээ эх орондоо эргүүлж өгөх ёстой гэсэн ухаанд нь нөлөөлдөг болов уу. Эрт цагийн Монголчууд модыг асар ихээр тарьдаг байсан гэдэг.
4. Нэг зүйл нөгөөтэйгээ шууд болон дам холбоотой байдгийг таньж мэджээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж хэлдэг. Тэгэхээр нэг хүн буруу муу явахад ойр тойрныхондоо нөлөөлнө, тэр цаашлаад олон нийтийг буруу зүйлрүү татахад хүртэл нөлөөлж мэднэ. Яг үүнийг бүгд мэддэг болчихвол аливаа буруу муугийн эсрэг, тухайлбал төрд шигдсэн булхайнуудыг устгая гэвэл бүгд хөдлөх ёстой учраас нэг л хүн арагшаа суухад хүч тарамдах хүртэл аюул байна. Өөрөөр хэлбэл би мянга орилоод яадаг юм тэртээ тэргүй бусад нь дэмжихгүй байхад гэж арагшаа суухын оронд таны хэлж ойлгуулах гээд байгаа зүйл нэг ч болтугай хүнийг ухааруулж, сэхээрүүлж чадаж байвал ирээдүйд хийгдэх аливаа зүйл цаг алдахгүй байх, ойлгож ухамсарлах хугацаа богиносоход таны далайд хийж байгаа дусал нэмэр юм шүү дээ.
5. Гадаад бодлого. Монголчууд бидний тусгаар тогтнол, тайван амгалан амьдралд нөлөөлөхүйц гадны улс орнуудын бодлогын эсрэг юу хийх гэвэл урдны цагт, гэрээ хэлэлцээр хийх, худ ураг болох гэх мэтчилэн энх тайвны замаар харь газрыг төвшитгөж өөрсдөдөө аюулгүй болгох арга хэмжээг авахаас гадна, хэрвээ хэл амаар ойлголцохгүй бол дайн тулаанаар шийдэхээс өөр замгүй байсан байх. Аюул хаяанд нь ирчихээд байхад мэдсээр байж өртөж байснаас урьтаж арга хэмжээ авсан нь зөв болно. Хэлэлцэж тохиролцсоор байтал хэлсэндээ хүрэхгүй урваж шарваад байвал ирээдүйд бага хохиролтой байх үүднээс тэр харь орныг дайлаар мордох нь зүйн хэрэг буй за.
За дээрх үндэслэлүүдээс 5 дахь буюу гадаад бодлого нь орчин үед бол биеэр дайтдаг дайны оронд оюун санаа соёлоор нь хурааж авах нялуун дайны үе гэж ойлгоход болоод байгаа юм. Оюун ухааны эрин эхлэж байна гэж олон хүн хэлж байгаа нь ч бас ортой байх. Тэгэхээр бид одоо үүнийг даван гарахын тулд тархиа ашиглах, оюун ухаанаа дайчлах үе ирээд байна. Нэн ялангуяа байгалийн жам гэдэг зүйлийг дэлхийд харуулаж, үлгэрлэж, зөв амьдрал гэж юу байдгийг нүдийг нь орой дээр нь гартал дэлхийд үзүүлэх нь ирээдүйн Монголчуудын бас нэгэн байлдан дагуулалт болно доо. Оюунаараа дэлхийд гайхагдаад байгаа энэ олон Монгол багачууд ирээдүйд шинжлэх ухаан, байгал хоёр хэрхэн зөв хоршиж болдогийг дэлхийд үлгэрлэж чадвал энэ нь ирээдүйн Их Монгол Улсын суурь болох болов уу. Ингэж сэрээд хийгээд эхэлвэл аяндаа энэ жамын эсрэг үйл ажиллагаанууд өөрсдөө түрэгдээд гараад явчихна. За ийм гэгээлэг бодолтой байна даа. :)
Хүндэтгэсэн, Б.Шайрийбуу 2017.2.20
Монгол оршихуйн үндэс Монгол оршихуйн үндэс Reviewed by Unknown on March 21, 2017 Rating: 5

No comments:

Үйлээ Тодлохуй

Амар амгалан байцгаана уу Энэ дэлхийн хүн төрөлхтөн бид бүхэн оршин буй газар, хэл яриа, царай төрхөөрөө яламжтай боловч хүнд байх бүхий ...

Powered by Blogger.