Юуны төлөө амьдрах ёстой вэ?
Хүмүүс бид энэ хорвоод ирээд буцах хугацаа их богинохон юм даа гэж бодож сууна даа. Насны бөгсөнд ирэхийн цагт хүнд юу бодогдож, амьдралын энэхэн мөчлөгт юу юу болоод өнгөрснийг дурсан санадаг болов уу. Би бол энэ ертөнц гээч нь мөнхөд оршдог, харин үхэл, төрөлт бол нэгэн шилжилт гэдэгт итгэдэг хүн л дээ. Энэ өнцөгөөсөө бодоход эгэл энэ амьдалдаа юу хийж бүтээж, ирээдүй хойчдоо дурсагдсанаараа өөрөөр хэлбэл ямархан мөртэй амьдарсан бэ гэдэг их чухал санагддаг. Саяхан л 20 нас ч хүрээгүй 10 хан хэдтэй хүүхэд гүйж явахдаа цаг хугацаа яагаад ийм удаан юм бэ? гэж гэнэнхэн тэнэг бодолтой байснаа санаж байна. Гэтэл одоо 20 хол гараад 30 гэдэг тооруу дөхчихсөн явж байх юм. Эргээд харахад энэ он жилүүд харвасан сум шиг өнгөрсөн байна. Хийж бүтээсэн зүйл, үлдээсэн мөр юу билээ гээд харахад даанч хомсхон байна. Өндөр насыг наслаад үр ач нараа тойруулан суулгаж байх үедээ тийм тийм юм хийж бүтээлээ, тэгж тэгж зүтгэж явлаа гэж ам бардам хүүрнэн суухын чин хүсэл зүрхнээс минь ундран байх нь гайхалтай бас айдастай. Тоост энэ хорвоог орхин одох үед надаас юу үлдэж хоцрох вэ гэвэл миний үр удам, амьдарч байсан мөр 2 минь л үлдэнэ өөр юу ч биш. Гэтэл энэ ертөнцөөс хий биетэн болоод явахад үлдээсэн мөр юу ч үгүй үр удамдаа нэр муутай байвал тэрхэн сүнсэнд хүртэл харуусалтай биш гэж үү дээ. Далд ертөнцөд огт итгэдэггүй, сүнс гэж байдаггүй гэх бодолтой, энэ амьдралдаа юу дуртайгаа хийж байгаад дуусна, тэртээ тэргүй үхэхээс хойш гэх үзэлтэнгүүдэд хандаж ердөө хоёрхон зүйл л хэлмээр санагдаж байна.
1. Та хүн болж амьдрах явцдаа сэтгэл зүрх гэдэг зүйл байдгийг ухаарсан байх. Тэгвэл тэр сэтгэл зүрхэнд нэгэн том мэдрэмж байдаг нь харуусал билээ. Хүн хийх боломжтой байсан ч хийж чадаагүй зүйлдээ харамсдаг тийм үү. Тэгвэл юу ч хийсэн яадаг юм гэх үзэлтэн та насны бөгсөн дээр хийж чадаагүй сайн сайхан зүйлсийнхээ төлөө, амьдралд оноогдсон үүрэг даалгавраа гүйцэтгэж чадаагүйнхээ төлөө, хайрлах ёстой хүмүүсээ хайрлаж чадаагүйнхээ төлөө харамсал гэгчийг амсаж суух нь танд бас зовлон болно гэдгийг бодсон уу!!! Далд ертөнцөд итгэдэг, итгэдэггүй үл хамааран хүн сэтгэлийн зовлон үзэхийг хүсдэггүй. Тэгвэл ийм харуусах зовлонд унах аюул байна.
2. Үхтэл үр харам гэдэг үг байна. Тэгвэл үхсэн хойноо ч үр харам гэж ойлгодог. Сүнс байдагт итгэдэггүй хүн үхээд л бүх юм дуусна гэж ойлгодог. За тийм байлаа гэж бодьё. Тэгвэл хүнд хүнийг хайрлах, амьдралд нь дэм тус больё гэсэн хүсэл байдагдаа. Та энэ хорвоогоос буцахдаа энэ хүслээ биелүүлэх хамгийн том зүйл бол таны сайн сайхан нэр төрөөр үр хүүхдүүд чинь бахархаж амьдрах юм. Бид одоо ч хүмүүсийг тэднийхний удам юм чинь сайн хүмүүс байгаа гэж ураг удмаар нь шинжиж байдаг шүү дээ. Их зүйлийг бүтээж, мөрөө гүн үлдээсэн хамгийн том жишээ бол Монголчууд бидний бахархал шүтээн болсон Их эзэн Чингис хаан байгаа бусуу даа. Мөр гэдэг зүйл ингэж л үлддэг аж. Хэдэн зуунаар дамнадаггүй юм аа гэхэд хэдэн үеэрээ нэр нь гарч үр удамдаа тус болж байгаа нь таны хүсэл биелэгдэж байгаа нь тэр шүү дээ.
За ийм нэгэн бодрол хөвөрч, та бүхэнтэй хуваалцлаа. Амьдрал богинохон болохоор амжиж ихийг бүтээхийн ерөөл талбия. Аан бас хамгийн гол нь юу хийх гэж энэ дэлхий дээр ирсэнээ эхэлж олох нь чухал болов уу.
Хүндэтгэсэн: Б.Шайрийбуу
Юуны төлөө амьдрах ёстой вэ?
Reviewed by Unknown
on
March 21, 2017
Rating:
No comments: