Хүүхэд насны хөнгөхөн дурсамж

Зуны дэлгэр цагийг хангайдаа зусчихаад намар оройхон болж өндөр цавчим уулсын дунд мал хүн амьдрахад тохиромжгүй болох үед намаржаандаа буухаар бүх л айлууд нүүдлийн их замдаа гардаг байлаа. Хангайн борог өвс гандаад шим тэжээл муухан болж, мал сүрэг байгалийнхаа зөнгөөр дулаан газар бараадах болсон нь бэлчих зүгээс нь андашгүй болоод ирдэг юм. Хүүхэд насны минь амьдрал ийм л нүүдлийн дунд өссөн болохоор цагийн эргэлтээр намаржаандаа буухаар нүүцгээж ах бид хоёр малаа тууж очих томхон албыг хашхаар зуслангаасаа хөдөллөө. Манай намаржааны газар ойролцоогоор 20 орчим км зайтай бас замаараа малаа хужирлачихаад очих учраас их л эрт хөдөллөө. Номхон гэж жигтэйхэн бор морийг надад унуулаад хөдөлсөн юм. Өглөө эртэн босч нүүдлийн замд гарах хачин сайхан байдагсан. Наран мандаж хурцаар ээж эхлэхийн алдад тууврийн малын эрч нь саарч, хонь бол биенийхээ сүүдэрт хоргодон зогсох нь элбэгших бөгөөд манай нутагт үүнийг хонь хорох гэж нэрлэдэг юм. Үдийн нар хэлбийх үед малаа хужирлаж дуусаад тэндээсээ намаржааны зүг яаруухан гарлаа. Миний унасан бор морьны хашныг хэлэхүү, гэрлүүгээ яарч байгаа сэтгэлийг хэлэхүү нэг л явж өгдөггүй дээ. Газрынхаа талд хүрч байсан санагдана нөгөө бор морь чинь бүр явахаа байлаа шүү. Хүүхэд болохоор намайг элэг барьж байна гээд ах өөрөө унаад ч явдаг юм биш. Морь эцэх ч эр хүний хувьд сайхан зүйл биш дээ. Сүүлдээ хөтлөөд ч явахаа байсанд арга тасраад үхэр сүргийн дундаас хамгийн том бие хаатай нэгэн шарыг барьж аваад бор морио хүзүүнээс нь хөтлөөд тавьчихав. Хэсэг чирэгдэж явсанаа ядарсан бололтой дороо нам суухад бүдүүн шар зүтгээд ч дийлэхгүй байв. Ингэж хөглөж явсаар ах бид хоёр малаа туусаар арайхийж гэртээ ирж билээ. Нам суусан морийг бүдүүн шар татаад ч нэмэргүй байдгийг тэндээс мэдсэн юм. Эргээд бодоход тэр нүүдлийн дунд эрх дураараа мөртлөө хөгтэй хөгжилтэй сэтгэл тэнүүхэн явсан хүүхэд насны минь дурсамжууд сэтгэлд өег зүрхэнд ойр санагдах юм. Байгалийн сайхныг харан биширч, Монгол ахуйтай ойр өссөндаа би өөрийгөө азтай хүн гэж боддог. Тэр л зураглал, үгээр хэлшгүй тэр мэдрэмжүүдийг орчинд нь өсөж байж л мэдэхээс хөндлөнгөөс хараад мэдрэх аргагүй тийм зүйлс юм. 
Хүүхэд насны хөнгөхөн дурсамж Хүүхэд насны хөнгөхөн дурсамж Reviewed by Unknown on March 23, 2017 Rating: 5

No comments:

Үйлээ Тодлохуй

Амар амгалан байцгаана уу Энэ дэлхийн хүн төрөлхтөн бид бүхэн оршин буй газар, хэл яриа, царай төрхөөрөө яламжтай боловч хүнд байх бүхий ...

Powered by Blogger.